“Солонго” брэнд Баянхошуу Бизнес инкубатор сургалт үйлдвэрлэлийн төвд үйл ажиллагаагаа эхлүүллээ.

 “Солонго” брэнд Баянхошуу Бизнес инкубатор сургалт үйлдвэрлэлийн төвд үйл ажиллагаагаа эхлүүллээ.

Баянхошуу Бизнес Инкубаторын үндсэн зорилго нь инновацын тэргүүлэх салбаруудад шинэ, дэвшилтэт санааг бүтээгдэхүүн үйлчилгээ болгон хувиргах, шинэ хэрэгцээг эрж олох, технологид суурилсан бизнесийг хөгжүүлэх, гарааны компанид ажлын таатай орчин, менежментийн иж бүрэн дэмжлэг туслалцаа үзүүлэх замаар тэднийг санхүүгийн болон үйл ажиллагааны хувьд тогтворжсон дотоод гадаадын зах зээлд өрсөлдөх чадвартай болгон өсгөн бойжуулахад оршиж байгаа билээ.
Сургалт үйлдвэрлэлийн төвд одоогоор үйл ажиллагаагаа эхлээд байгаа найман жижиг дунд үйлдвэр эрхлэгч байгаагаас органик бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нэгэн компанийн талаарх мэдээллийг хүргэе гэж зорилоо.
Манай сургалт үйлдвэрлэлийн төвд үйл ажиллагаагаа эхлээд байгаа гоо сайхны саван үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилготой “Солонго” брэндийн үүсгэн байгуулагч А. Оюунчулуун нь БНСУ-д савангийн үйлдвэрт ажиллаж байх хугацаандаа дадлага туршлага хуримтлуулсны үндсэн дээр Монголдоо гоо сайхны саван үйлдвэрлэж туршихаар сэтгэл шулуудан судалгаа хийж эхэлсэн байна.

2016 оны 2-р сараас эхлэн саван хийхийн тулд холбогдох баримт бичиг, материалыг судалж, туршиж үзсэний эцэст анхны савангаа үйлдвэрлэж байжээ. Анх гэр бүл найз нөхдийнхөө хүрээнд хэрэглэж туршсан нь сайн үр дүнтэй байсан тул энэхүү бизнесээ эхлүүлэхээр шийдвэрлэсэн гэдэг.


Үс уналтыг багасгах зорилгоор халгайтай саван, тослог ихтэй болон хуурай арьсанд зориулсан савангууд үйлдвэрлэж өөрийн гэсэн хэрэглэгчидтэй болсон ба олон тооны захиалга аван үйлдвэрлэдэг болсон юм. Эхлүүлсэн бизнесээ өргөжүүлэхийн тулд халгай, зөгийн бал, кофе, чацаргана, кактус, сүүлний тос, гаридина модны цэцэгтэй нэрийн бүтээгдэхүүнүүд болох уруулын будаг, өрөөний үнэртүүлэгч, саван зэргийг шинээр гаргаж эхлээд байгаа юм.
Тэрээр өөрийгөө болон бусдыг хайрлаж, эх дэлхийгээ хамгаалах эерэг өөрчлөлтийг бий болгохыг зорин, байгаль орчинд ээлтэй эко бүтээгдэхүүн үйлдвэрлэн ажиллаж байна.