МУИС-ИЙН НОМЫН САНТАЙ ТАНИЛЦЛАА

МУИС-ИЙН НОМЫН САНТАЙ ТАНИЛЦЛАА

Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газрын орлогч дарга Б.Золбоо болон холбогдох мэргэжилтнүүд МУИС-ийн шинэ номын сангийн үйл ажиллагаатай танилцлаа. Орчин үеийн интернет шийдэлтэй, тохь тухтай орчинд үйлчлүүлэх боломжоор хангасан МУИС-ын шинэ номын сан оюутнуудад хичээллэх, сурч хөгжих боломжийг бий болгож чаджээ. 1-4 давхарт уншлагын танхимууд, 5-6 давхарт МУИС-ийн судалгааны лабораториуд, лекцийн танхимууд байрладаг. Шинэ номын сан шинжлэх ухааны онцлогуудаар ялгарсан Эрдэм шинжилгээний уншлагын танхим, Багш нарын уншлагын танхим, Байгалийн ухааны уншлагын танхим, Цахим уншлагын танхим, Нийгэм, хүмүүнлэгийн ухааны уншлагын танхим, Электрон уншлагын танхим гэсэн уншлагын зургаан танхимтай. Танхим бүрийн тохижилт, ширээ сандлууд өөр өөр загвар, өвөрмөц хэв маягтай. Нэгэн зэрэг 700 оюутанд үйлчлэх суудалтай ч оюутнууд номоо сонгоод уншаад суух, тохь тухтай зай талбай, чөлөөт орчин их бий. Бүр хэвтэж амрах зориулалтын талбайг ч гаргаж өгсөн нь байна. Номын сан 500 мянган номын фондтой. Уншлагын бүх зааланд оюутан номоо өөрөө чөлөөтэй сонгоно. Унших номоо аваад номын санчид дугаарладаг уламжлалт  үйлчилгээ хэдийнээ халагджээ. Оюутан унших номоо өөрөө сонгож аваад, танхимд сууж уншаад гарахдаа номоо буцааж тавиад, хамгаалалтын хаалганд уншуулаад гардаг системийг бүх уншлагын зааландаа нэвтрүүлжээ. Номын сангийн 1-р давхарт кофе шоп, номын дэлгүүр, ховор номын танхим, музей, МУИС брэндийн дэлгүүр байх ба түүнд МУИС-ийн лого, нэр бүхий цамц, үзэг, даавуун цүнх, дэвтэр, аяга, малгай, ороолт зэрэг олон нэр төрлийн бараа зарагддаг байна. Номын сангийн захирал Г.Цэрэн саяхан МУИС-ийн Номын сан Монгол Улсын соёлын салбаруудаас анх удаа ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлж гэрчилгээгээ гардан авсныг танилцуулав. Цаашдаа МУИС-ийн номын санд RFID технологи нэвтрүүлэхээр зорьж байгаа ба энэ нь ном өгөх, авах механик ажлууд бүрэн автомат болохоос гадна хүний нөөцөө хөгжүүлэх, дэлхий нийтийн хөгжилтэй мөр зэрэгцэн очих боломж бий болгох ажээ. Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газар , МУИС-ын номын сан нь шинжлэх, ухаан инновацийн салбарт хамтран ажиллах, номын сан бүрдүүлэлт, зохион байгуулалтын чиглэлээр олон асуудлаар хамтран ажиллах боломж бий тул хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.