ХААН БАНКНЫ ДЭРГЭДЭХ ЖИЖИГ ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ ТӨВӨӨР ЗОЧИЛЛОО

ХААН БАНКНЫ ДЭРГЭДЭХ ЖИЖИГ ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ  ДЭМЖИХ ТӨВӨӨР ЗОЧИЛЛОО

Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газрын орлогч дарга Б.Золбоо болон холбогдох мэргэжилтнүүд Хаан банкны дэргэдэх Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих төвөөр зочиллоо. Жижиг дунд бизнес эрхлэгчдэд томоохон боломж, гарц нээж өгч, бүх талын дэмжлэг туслалцаа, цогц үйлчилгээ санал болгох нэгэн чухал төвийг ХААН Банк өнгөрөгч 3-р сард нээжээ. Бизнес эрхлэгч харилцагчдадаа өдөр тутам тулгардаг асуудлуудад нь нэг бүрчлэн зөвлөгөө өгөх, интернет орчин бүхий номын сангаар үйлчлэх, тав тухтай ажлаа явуулах хамтын оффис санал болгох, менежментийн төрөл бүрийн сургалтад хамруулах гэхчлэн Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих төв цогц үйл ажиллагаа явуулдгаараа онцлог юм. ХААН Банк 2006 онд “Хамтдаа хөгжье” уриатайгаар Бизнес инкубатор төв байгуулж байсан бол тус төвийг 2018 онд Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих төв болгон үйл ажиллагааг нь өргөжүүлсэн байна. Тус төвийн бизнесийн зөвлөх Ч.Алтан-туяа: Манай банкны хувьд сүүлийн 10 гаруй жилийн турш Бизнес инкубатор төвөөрөө дамжуулан банкны  харилцагч, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжиж, сургаж чадавхижуулах чиглэлд анхаарал хандуулж ирсэн. Энэ төвөө өргөжүүлж, Жижиг дунд бизнес эрхлэгч харилцагчдад үйлчлэх төв өөрийн гэсэн байртай болсон. Бид харилцагчдадаа зөвлөгөө, туслалцаа үзүүлж бизнесийн үйл ажиллагааг нь дэмжиж тусалж байдаг хэмээн онцолсон юм. Бидний зүгээс цаашид инновацийн төвтэй болон Нийслэлийн зүгээс хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцож ярилцлаа.