БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ТӨВТЭЙ ТАНИЛЦЛАА

БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ТӨВТЭЙ ТАНИЛЦЛАА

Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газрын орлогч дарга Б.Золбоо болон холбогдох мэргэжилтнүүд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвтэй танилцлаа. Улаанбаатар хотын захиргаа, КОИКА ОУ-ын байгууллага, Азийн сан, “Хөгжлийн шийдэл” ТББ, МҮХАҮТ, Голомт банк зэрэг оролцогч талуудын оролцоо дэмжлэгтэйгээр “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв” 2016 онд үйл ажиллагаагаа эхэлжээ. Төсөл 3 жилийн хугацаатай хэрэгжих бөгөөд төсөл дууссаны дараа тус төв нь Нийслэлийн эмэгтэй бизнес эрхлэгчдийн төв болон үлдэж, ирээдүйд тогтвортой үйл ажиллагаа явуулан үлдэх юм. Төвийн загвар дизайн нь үндсэндээ хамтын оффисийн нийтлэг дүр төрхтэй, ажиллахад тухтай ажээ. Нээгдсэн цагаасаа өнөөдрийг хүртэл нийтдээ 2800 орчим эмэгтэйчүүд энэхүү төвөөр дамжин төсөлд хамрагдаж, 47 бизнес хөгжүүлэн гаргажээ. Тэднээс өнөөдөр бизнесийн үйл ажиллагаа эрхэлж яваа нь цөөнгүй. Мөн тус төвийн инкубаторт амжилттай бойжиж буй эмэгтэйчүүдийн төлөөлөлтэй уулзаж ярилцлаа. Улаанбаатар банкны байрны нэгдүгээр давхарт төвийн дундын оффис болон менежер, харилцааны ажилтнууд, номын сан, цайны өрөө зэрэг байрлах бол 2-р давхарт инкубатор байрладаг. Энд оёдол, эсгүүр, эсгий урлал, саван гэх зэрэг олон шинэлэг бүтээгдэхүүнийг бүсгүйчүүд бүтээж сууна. Мөн хүүхдэд зориулсан өрөө ч бий бөгөөд ээжүүд бүтээлээ туурвих үед хүүхдүүд энд цагийг зугаатай өнгөрөөх боломжийг олгожээ. Цаашид тус төвтэй хамтран ажиллах хэд хэдэн асуудлаар санал нэгдэж төлөвлөгөө гарган ажиллахаар тогтлоо.