“M SPACE” ХАМТЫН ОФФИСТ ЗОЧИЛЛОО

“M SPACE” ХАМТЫН ОФФИСТ ЗОЧИЛЛОО

 

Хамтын оффис нь сүүлийн жилүүдэд дэлгэрч буй шинэ төрлийн үйлчилгээ бөгөөд бизнес эрхлэгчид тусдаа оффис түрээслэхгүйгээр зардлаа хэмнэхээс гадна т өрөл бүрийн нэмэлт боломжуудыг эдэлдэг гэдгээрээ онцлогтой. Тэдний нэг төлөөлөл болох “M SPACE” төвийн үйл ажиллагаатай Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газрын орлогч дарга Б.Золбоо болон холбогдох мэргэжилтнүүд танилцлаа. M SPACE нь гарааны бизнес эрхлэгчдийг дэмжин ажиллаж оффис, мониторинг, сургалт, арга хэмжээ зохион байгуулах зэрэг үйл ажиллагаа явуулдаг. Мөн хөрөнгө оруулагч нартай холбож өгөх, бизнесийн үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлж цаашид ч үргэлжлүүлэн дэмждэг байна. Workcentral Mongolia хамтын оффис нь MLab олон улсын хөрөнгө оруулалтын сангаас хөрөнгө оруулалт авч, MSpace хэмээх шинэ бүтэц үүсгэж, Монголын энтрепренершипийн эко системийн хөгжилд том хувь нэмэр оруулагч төдийгүй, гол тоглогчдын нэг Стартап М болон Workcentral Mongolia компанийг өөртөө нэгтгэж нэг компани болсноороо бүс нутгийн гарааны бизнесийн эко системийг хөгжүүлэх нөлөө бүхий компани болон өргөжиж чаджээ. Сүхбаатарын талбайн зүүн талд Сентрал Тауэрийн 13 давхарт үйл ажиллагаа явуулах тус төв завгүй орчин, стартапуудын халуун яриа, шинэ санаан дунд үйл ажиллагаа жигдэрч, эрч хүчтэй, итгэл төгс ажиллах ажээ. Уулзалтын үеэр цаашид нийслэлийн зүгээс хамтран ажиллах боломжууд болон төрөл бүрийн уулзалт, тэмцээн, олон улсын туршлага судлах аялал зэргийг үе шаттайгаар хамтран зохион байгуулах, ижил төрлийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудтай хамтарсан уулзалтыг тогтмолжуулж туршлага солилцох, стартап мэдээллийн сан бүрдүүлэх зэрэг олон асуудлаар санал солилцож нэгдсэн ойлголтод хүрсэн юм.