“SMS” ХАМТЫН ОФФИСТ ЗОЧИЛЛОО

“SMS” ХАМТЫН ОФФИСТ ЗОЧИЛЛОО

Хамтын оффис нь сүүлийн жилүүдэд дэлгэрч буй шинэ төрлийн үйлчилгээ бөгөөд бизнес эрхлэгчид тусдаа оффис түрээслэхгүйгээр зардлаа хэмнэхээс гадна төрөл бүрийн нэмэлт боломжуудыг эдэлдэг гэдгээрээ онцлогтой. Тэдний нэг төлөөлөл болох “SMS” төвийн үйл ажиллагаатай Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газрын орлогч дарга Б.Золбоо болон холбогдох мэргэжилтнүүд танилцлаа. "Зөгий шиг бай" уриатай, гоёмсог дотоод тохижилтоороо шууд л анхаарал татах тус дундын оффисыг Монголын Үндэсний Маркетингийн холбоо эрхлэн ажиллуулж байгаа юм. Тэд өөрсдийн нэрийн SMS эвентүүдээс гадна байгууллагуудтай хамтран эвентүүдийг нь зохион байгуулж өгдөг хэмээж байв. Мөн гишүүддээ хэрэгцээт хүмүүс, байгууллагууд, үйлчилгээнүүдийг холбож өгөхдөө нэлээд анхаарч байгаа аж. SMS төв нь гишүүддээ зохион байгуулж буй арга хэмжээндээ үнэ төлбөргүй болон хөнгөлөлттэй үнээр үйлчлэх, тэдэнд зориулсан сургалт, уулзалтыг тогтмол явуулах, бизнесийн зөвлөгөө зуучлал, мэргэжлийн зөвлөгөө өгөх, хэвлэх хувилах, цай кофегоор үйлчлэх гээд олон үйлчилгээнүүдийг санал болгож байна. SMS төв нь бусад төвүүдээсээ ялгагдах хэд хэдэн онцлог давуу талтай. Аливаа бизнесийн хамгийн чухал зүйл болох байршил. Хотын төвд хамгийн хөл хөдөлгөөнтэй хэсэгт байрладаг, тав тух, тохилог орчин, ажиллахад таатай уур амьсгал бүрдүүлсэн байдал нь тэдний онцлог. Залуучууд яагаад бизнесийн гараагаа тав тухгүй, жижигхэн газраас өртөг өндөр эхлэх ёстой гэж гэсэн үгийг тэд хэлэх дуртай. Мөн хөшиг, хувилагч машин зэргээс эхлээд хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт, ухаалаг оффисын тоног төхөөрөмжийг нэвтрүүлж чаджээ. Төгс хүн, бүх мэргэжил ур чадварыг бүгдийг эзэмшсэн хүн гэж байдаггүй учир өөрт байхгүй мэдлэг, ур чадварыг бусад мэргэжилтэн, зөвлөхүүдээс авах боломжийг олгож байгаа нь тэдний чухал давуу тал юм. Уулзалтын үеэр цаашид нийслэлийн зүгээс хамтран ажиллах боломжууд болон төрөл бүрийн уулзалт, тэмцээн, олон улсын туршлага судлах аялал зэргийг үе шаттайгаар хамтран зохион байгуулах, ижил төрлийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудтай хамтарсан уулзалтыг тогтмолжуулж туршлага солилцох зэрэг олон асуудлаар санал солилцож нэгдсэн ойлголтод хүрсэн юм.