“CLUB COWORKING” ДУНДЫН ОФФИСЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

“CLUB COWORKING” ДУНДЫН ОФФИСЫН  ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

 


Хамтын оффис нь сүүлийн жилүүдэд дэлгэрч буй шинэ төрлийн үйлчилгээ бөгөөд бизнес эрхлэгчид тусдаа оффис түрээслэхгүйгээр зардлаа хэмнэхээс гадна төрөл бүрийн боломжуудыг эдэлдэг гэдгээрээ онцлогтой. Тэдний нэг төлөөлөл болох “Club Coworking” төвийн үйл ажиллагаатай Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газрын орлогч дарга Б.Золбоо болон холбогдох мэргэжилтнүүд танилцаж тус төвийн гүйцэтгэх захирал Б.Мандаа, төвийн ажилтнуудтай уулзлаа. Club Coworking бол Улаанбаатар хотод байгуулагдсан анхны томоохон дундын оффис ба 2016 онд өргөн хэмжээний судалгаа шинжилгээ явуулж, нарийн тооцоолсны үндсэн дээр анхдагч болон нээгджээ. Тус төв нь хотын яг төвд ICC буюу ОУ-ын худалдааны төвийн барилгын 13 давхарт байрлах бөгөөд нийт 8 өрөө болон дундын оффисийн талбай, уулзалтын өрөөнүүдтэй. Сүхбаатарын талбай руу харсан цэлгэр цонхнууд, хотын хамгийн завгүй хэсэгт байрласан, тохижилт сайтай, гэртээ байгаа мэт тав тухтай зэрэг давуу талууд олонтой энэхүү газар нь хэдийнээ үйл ажиллагаа нь тогтворжиж жигдэрчээ. Уулзалтын үеэр цаашид нийслэлийн зүгээс хамтран ажиллах боломжууд болон төрөл бүрийн уулзалт, тэмцээн, уралдаан зэргийг үе шаттайгаар хамтран зохион байгуулах, ижил төрлийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудтай хамтарсан уулзалтыг тогтмолжуулж туршлага солилцох, хамтын оффисийн нэгдсэн гишүүнчлэл зэрэг олон асуудлаар санал солилцож нэгдсэн ойлголтод хүрсэн юм.