A, B, C бүсчлэлд хуваах ажлыг ирэх сараас хэрэгжүүлнэ

A, B, C бүсчлэлд хуваах ажлыг ирэх сараас хэрэгжүүлнэ

Нийслэлийн түгжрэлийг бууруулах ажлын хэсэг хотын төвийг “A, B, C” гэсэн гурван бүсчлэлд хуваах шийдвэр гаргаад байгаа. Энэ талаар өнөөдөр Замын хөдөлгөөний удирдлагын төв НӨҮГ-ын дарга Д.Одбаяр, Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр, Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра нар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.

Хотын төвийн A, B бүсчлэлд багтаж байгаа газруудад өнөөдрийн байдлаар нийт 2382 машины зөвшөөрөлтэй зогсоол байгаа аж. Зөвшөөрөлгүй буюу байгууллагууд өөрсдөө хаасан 5330 машины зогсоол байгаа юм байна. Шинээр 7384 машины зогсоол гаргахаар судалж байгаа гэнэ. Ингэснээр нийт 15696 машины зогсоолыг бий болгох аж.

С.Энхтөр “Бид энэ зогсоолуудыг бүгдийг нь төлдбөртэй болгоно. Авто машины зогсоол дээр зогсох машинуудад шинэ журам үйлчилж эхэлнэ. Төр захиргааны болон худалдаа үйлчилгээний байгууллагын ажилчид ажлынхаа ойр орчмын зогсоол дээр өдөржин машинаа байрлуулдаг. Үйлчлүүлэхээр ирсэн иргэдэд зогсоол олдодгүй. Зогсоол хайж байгаа жолооч нар дунджаар 500 м замыг 30 минутад маш бага хурдтай явж өнгөрүүлдэг. Энэ нь түгжрэл үүсэх шалтгааныг 15 хувиар нэмэгдүүлдэг. Хотын төвд байгаа нэг зогсоолыг жишээ аваад бүтэн өдөр тандаж үзэхэд 70 орчим машинаас 10 удаагийн сэлгэлт л хийгдэж байна. Бусад нь өглөө ирээд орой болтол ямар ч хөдөлгөөнгүй зогсож байгаа юм” хэмээлээ.

Зогсоолын асуудлаас гадна A, B бүс рүү техникийн улсын үзлэгт тэнцсэн, татвараа төлсөн, торгуулгүй жолооч нарыг зорчуулах юм байна. Бүсчлэлийг зөвхөн ажлын цагаар хэрэгжүүлнэ. Бүсчлэлийн тэмдэг тэмдэглэгээг тавьж өгнө. Зөрчсөн тохиолдолд Замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу тэмдэг тэмдэглэгээг зөрчсөн гэж үзэн хариуцлага хүлээлгэх аж. Бүсчлэлийн талаар иргэдээс санал асуулга авахад 70 гаруй хувь нь дэмжсэн байна.

 

Түүнчлэн нийтийн тээврийн үйлчилгээ, хүртээмжийг сайжруулж, иргэдийн нийтийн тээврээр зорчих боломжийг бүрдүүлж өгөх юм байна.