“Инновацын үзэсгэлэн-2019” арга хэмжээ зохион байгуулагдлаа

“Инновацын үзэсгэлэн-2019” арга хэмжээ зохион байгуулагдлаа

Инновацын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хамтын ажиллагаа, түншлэлийг өргөжүүлэх, худалдан авалтыг бий болгох зорилгоор “Инновацын 7 хоног-2019” арга хэмжээг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас 5 дах жилдээ 2019 оны 5 дугаар сарын 6-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байгаа билээ.
“Инновацын 7 хоног” аяны хүрээнд Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар "Инновацын үзэсгэлэн 2019”-г  5-р сарын 07, 08-ны өдрүүдэд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд зохион байгууллаа. 
Үзэсгэлэнгийн үйл ажиллагааны нээлтэд Нийслэлийн инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны инновацын хэлтсийн дарга Д.Одгэрэл, Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Б.Бат-Эрдэнэ, МҮХАҮТ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Б.Саруул нар оролцож үг хэллээ. 
Энэ жилийн үзэсгэлэнд мэдээлэл технологи, төр, нийгэм, банк санхүү, эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй, урлаг уран сайхан, уул уурхай, тоног төхөөрөмж зэрэг бүхий л салбарт инновац нэвтрүүлж буй байгууллагуудын төлөөлөл болох 63 байгууллага 400 гаруй бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ оролцсон байна.


Мөн хүндэт зочноор Азийн бизнес инкубатор төвүүдийн холбооны бизнесийн зөвлөх Эрик Клок, Социнтернийн Олон Улсын байгууллагын Ази-Номхон далайн бүсийг төлөөлсөн дэд ерөнхийлөгч, Олон улсын санхүүгийн зөвлөх Д.Энхжаргал  нар шинээр бүтээгдэхүүн, үйлчилгээгээ нэвтрүүлж буй старт-ап компани, энтрепренер залууст зориулан илтгэлээ тавилаа.


2 өдөр зохион байгуулагдсан үзэсгэлэнд оролцогч байгууллагуудаас “Олны таашаал” хүртсэн инновацын бүтээгдэхүүнийг шалгаруулахаар sli.do сайтаар санал асуулга явуулсан ба нийт 5974 хүн хамрагдаж 47%-ийн саналаар “Erxes маркетингийн платформ” шалгарлаа.
“Инновацын шилдэг бүтээгдэхүүн”, “Инновацын шилдэг үйлчилгээ” шагналыг шалгаруулах  шүүгчдийн бүрэлдэхүүнд олон улсын байгууллагын төлөөлөл болох Азийн бизнес инкубатор төвүүдийн холбооны бизнесийн зөвлөх Эрик Клок, "Мэрси Корпс"-ийн Санхүү, зах зээлийн шинжээч Свапнил Миндхэ, Азийн сангийн “Хотын засаглалыг сайжруулах төсөл”-ийн ахлах Б.Баттулга, төрийн байгууллагын төлөөлөл болох БСШУСЯ-ны Инновацын хэлтсийн дарга Д.Одгэрэл, НШУҮИГ-ын Шинжлэх Ухаан, технологийн хэлтсийн дарга Г.Жаргалмаа нар оролцож 3 цагийн туршид шүүлт хийлээ.
“Инновацын шилдэг бүтээгдэхүүн”-ээр МУИС-ийн мазаалай хиймэл дагуул, “Инновацын шилдэг үйлчилгээ”-ээр “Мэксим консалтинг ХХК”-ийн ухаалаг шалгалтын систем тус тус шалгарлаа. 


 

 

Үргэлжлэл бий...