Багахангай дүүрэгт “Хөнгөн үйлдвэрийн Үйлдвэрлэл, технологийн парк” байгуулах ТЭЗҮ баталлаа

Багахангай дүүрэгт “Хөнгөн үйлдвэрийн Үйлдвэрлэл, технологийн  парк” байгуулах ТЭЗҮ баталлаа

Багахангай дүүргийн “Хөнгөн үйлдвэрийн Үйлдвэрлэл, технологийн парк”-ийн техник эдийн засгийн үндэслэл батлах тухай асуудлыг 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн НИТХТ-ийн ээлжит хуралдаанаар хэлэлцлээ.
Нийслэлийн Багахангай дүүрэгт өнөөдрийн байдлаар 1053 өрх, 4040 хүн амьдарч байгаа бол тус дүүрэгт “Хөнгөн үйлдвэрийн Үйлдвэрлэл, технологийн парк” барьж, ашиглалтад оруулснаар 2020 онд 8000, 2030 он гэхэд 10000 хүн амьдрах нөхцөл бүрдэнэ гэж төлөвлөжээ. “Хөнгөн үйлдвэрийн Үйлдвэрлэл, технологийн парк”-ийн  бүтээн байгуулалт 15 га газар нутгийг хамарч байгаа бөгөөд 31.5 тэрбум төгрөг  шаардлагатай аж. Зарцуулах хөрөнгийн 5.05 тэрбумыг цахилгаан, дулааны эх үүсвэрт зарцуулахаар төлөвлөжээ. Паркийн захиргаа болон технологи дамжуулах төв, өндөр технологийн үйлдвэрийн бүс, ноос нооолуурын үйлдвэрийн бүс, арьс ширний үйлдвэрийн бүс, дундын эзэмшлийн бүс гэсэн таван хэсэгтэй байх ажээ.
Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан “Багахангай дүүрэгт барихаар төлөвлөж байгаа “Хөнгөн үйлдвэрийн Үйлдвэрлэл, технологийн парк”-ийн ажлын байр нэмэгдүүлж, эдийн засгийг хөгжүүлэх, бараа эргэлтийг нэмэгдүүлэхтэй чухал ач холбогдолтой. Гэхдээ бид өмнө нь үйлдвэрлэл, технологийн парк байгуулахдаа гаргасан алдааг давтахгүйн тулд ТЭЗҮ-ийг нягт нямбай боловсруулах ёстой. Хурлын тэмдэглэлээр хөрөнгө оруулагчдыг хэрхэн татах, нэгдсэн зохион байгуулалтыг хэрхэн хийх, барилга байгууламж, дэд бүтцийн асуудлыг яаж шийдвэрлэх гэх зэрэг олон асуудалтай холбоотой төлөвлөлтийг ТЭЗҮ-д тусгах талаар боловсруулсан баг хамт олонд үүрэг болгоё” гэв. Тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар Багахангай дүүргийн “Хөнгөн үйлдвэрийн Үйлдвэрлэл, технологийн парк”-ийн Техник эдийн засгийн үндэслэлийг баталлаа.