“ХУВИЙН ХЭВШЛИЙН АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГЫН ИННОВАЦИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТОДРУУЛСАН АНХНЫ ТУРШИЛТ СУДАЛГААНЫ ҮР ДҮН” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“ХУВИЙН ХЭВШЛИЙН АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГЫН ИННОВАЦИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТОДРУУЛСАН АНХНЫ ТУРШИЛТ СУДАЛГААНЫ ҮР ДҮН” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудын инновацийн хэрэгжилтийн үр дүнг хэмжих,  дүн шинжилгээ хийх, шалтгаан нөхцөлийг илрүүлэн гаргах зорилго бүхий түүвэр судалгаа хийх, судалгааны үр дүнд тулгуурлан Инновацийн тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах, төрөөс инновацийн талаар хэрэгжүүлэх бодлогод тусгах үйл ажиллагааны чиглэлээр холбогдох талуудад санал, зөвлөмж боловсруулах зорилгоор  Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамтай хамтран SICA ХХК судалгааны байгууллагаар “Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагын инновацийн үйл ажиллагааг тодруулсан анхны туршилт судалгааны үр дүн” судалгааг хийж гүйцэтгүүлсэн.
SICA ХХК судалгааны байгууллага нь тус судалгааг Монгол улсад анх удаа UNESCO-ын инновацийн судалгааны асуулгын хуудас, арга зүйн дагуу явуулж байгаа учир тухайн асуулга, аргачлалыг турших, нэмэлт өөрчлөлт оруулах, түүврийн хуваарилалтыг турших, зохимжит түүврийг сонгох зорилгоор туршилт судалгааг явуулсан.
Улаанбаатар хотын хувийн хэвшлийн ААНБ-уудын хүрээнд хийгдэх энэхүү судалгаанд нийт 300 ААНБ хамрагдсан ба дараах үр дүнд хүрсэн.
•    Аж ахуйн нэгж байгууллагуудын 47.3 хувь нь инноваци гэсэн үгний утгыг мэддэг гэж хариулсан боловч ямар утгатай нь тодруулахад тухайн үгний утгыг мэддэг хувь 24.3 хувь болж буурчээ. 
•    Аж ахуй нэгж байгууллагуудын инновацийн мэдлэгийн түвшин харьцангуй муу байгаа хэдий ч инноваци хэрэгжүүлэгч байгууллага нь 97.7 хувь байна. Энэ нь инновацийн тухай мэдлэг муу боловч инноваци хэрэгжүүлэлтийн түвшин өндөр байгааг харуулж байна.
•    Холбогдох хууль тогтоомжууд нь инноваци хэрэгжүүлэлтэд 51.9 хувиар нөлөөлдөг. 
•    Аж ахуйн нэгж байгууллагууд бүтэц зохион байгуулалтын инновацийг хамгийн түгээмэл хэрэгжүүлдэг.
•    Байгууллагын хэмжээ томрох тусмаа инноваци хэрэгжүүлэлтийн түвшин нэмэгддэг.
•    Онлайн ханган нийлүүлэлтийг илүүд үздэг.
•    84.2 хувь нь инновациа өөрсдөө хэрэгжүүлдэг.
•    35.5 хувь нь зах зээлд шинэ инноваци нэвтрүүлсэн.
•    26.0 хувь судалгаа боловсруулалтын ажлыг тогтмол хийдэг.
•    26.0 хувь нь инновациа таниулах сайжруулах зорилгоор үйл ажиллагаа зохион байгуулдаг.
•    Инновацийн үйл ажиллагаанд аж ахуйн нэгжийн нийт орлогын 25.8 хувийг зарцуулдаг.
•    Инноваци хэрэгжүүлснээр байгаль орчинд эерэг нөлөө үзүүлдэг.
•    Инноваци хэрэгжүүлэхэд санхүүгийн бэрхшээл хамгийн их тулгардаг. 

Энэхүү судалгааны тайлан мэдээллийг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Нийслэлийн иргэний танхимд төрийн захиргааны байгууллага, нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд болон хувийн хэвшлийн төлөөлөл нийт 60 гаруй удирдлага, албан хаагчид уригдан оролцож тус хэлэлцүүлэг, семинарыг амжилттай зохион байгууллаа.