Танилцуулга

Үйлдвэрлэл Инновацын хэлтсийн танилцуулга

Зорилго: Нийслэлийн хэмжээнд үйлдвэрлэл, инновац, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, нийслэлийн эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах бодлогын хүрээнд үйлдвэрлэл, инновацын бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг хөгжүүлж, нэмүү өртөг шингэсэн, экспортыг дэмжих, импортыг орлох, өндөр технологийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшил болон үйлдвэрийн салбаруудын харилцан уялдаа, хамтын ажиллагааг хангаж ажиллана. 

Зорилт: 
♦    Нийслэлийн үйлдвэрлэлийн салбарын хэтийн болон дунд хугацааны стратеги, хөгжлийн зураглалыг тодорхойлох талаар санал боловсруулж, хэрэгжилтийг зохион байгуулах;
♦    Төр, шинжлэх ухаан, боловсрол, бизнесийн байгууллагуудын тогтвортой, үр ашигтай хамтын ажиллагааг дэмжиж, дэвшилтэт технологид суурилсан, өрсөлдөх чадвар бүхий, нэмүү өртөг шингэсэн инновацын бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг хөгжүүлэх;
♦    Үйлдвэрлэл, технологийн паркийг хөгжүүлэх талаар төрөөс баримталж байгаа бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах;
♦    Төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогыг эдийн засгийн хөгжлийн бодлоготой уялдуулж, үр ашгийг дээшлүүлэх;
♦    ЖДҮ, хоршоо, бичил бизнесийг хөгжүүлэх эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх, ЖДҮ-ийг хөгжүүлэх, зах зээлийг өргөжүүлэх, борлуулалтыг нэмэгдүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах;

Салбарын хөгжлийн өнөөгийн байдал 

Нийслэлийн аж үйлдвэрийн газрууд 2019 оны эхний 10 сард 8.0 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 9.8 их наяд төгрөгийн борлуулалт хийсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад үйлдвэрлэлт 2.3 хувиар, борлуулалт 7.5 хувиар өссөн байна. Аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад цахилгаан, дулааны эрчим хүч, усан хангамжийн үйлдвэрлэлт 13.8 хувиар, боловсруулах үйлдвэрлэлт 10.3 хувиар өсөж, уул уурхайн олборлох үйлдвэрлэлт 3.1 хувиар, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлт 0.4 хувиар тус тус буурсан байна.

Нийслэлийн аж үйлдвэрийн салбар 2019 оны 10 дугаар сард 887.2 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлт хийснээс уул уурхайн олборлох салбар 61.9 хувийг, цахилгаан дулааны эрчим хүч, усан хангамжийн үйлдвэрлэлт 10.2 хувийг, боловсруулах үйлдвэрлэлт 27.9 хувийг тус тус эзэлж байна. Боловсруулах аж үйлдвэрийн салбарын өсөлтөд сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлт, хүнсний бусад бүтээгдэхүүний үйлдвэрлэлт, нэхмэлийн үйлдвэрлэлт, арьс шир боловсруулах үйлдвэрлэлт, цаас, цаасан бүтээгдэхүүн үйлдвэрлэлт, хэвлэмэл болон дуу бичлэгийн үйл ажиллагаа, кокс, шингэн болон цацраг идэвхт түлшний үйлдвэрлэлт, химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлт, резинэн болон хуванцар бүтээгдэхүүн үйлдвэрлэлт, төмөрлөг бус эдлэлийн үйлдвэрлэлт, төмрийн үйлдвэрлэлт, машин тоног төхөөрөмжөөс бусад төмөр эдлэл үйлдвэрлэлт, мебель тавилга үйлдвэрлэлт болон бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэлт голлох нөлөө үзүүлсэн байна.

Үйлдвэрлэл, инновацыг цогцоор нь хөгжүүлнэ.
•    Дагуул хотуудыг хөгжүүлэх замаар Улаанбаатар хотын эдийн засгийн бие даасан байдлыг бий болгох, дэвшилтэт технологи бүхий үйлдвэрлэл, технологийн паркуудыг байгуулна.
-    Налайхын Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк; 
-    Багануур  үйлдвэрлэл, технологийн парк;
-    Эмээлтийн  Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк;
-    Багахангай дүүргийн  Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк.
•    Нийслэлд нэн шаардлагатай ноу-хау, дэвшилтэт технологи, инновацын бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг франчайз хэлбэрээр нутагшуулахыг дэмжинэ.
•    Хөнгөн үйлдвэрийн чиглэлээр дэлхийн тэргүүлэх, дэвшилтэт техник, технологийн үзэсгэлэнг Улаанбаатар хотод тогтмол зохион байгуулж, гадаад оронд зохион байгуулагдаж буй үзэсгэлэнд нийслэлийн бүтээн байгуулагчдыг дэмжин хамруулна.

Жижиг, дунд үйлдвэрийг дэмжин хөгжүүлнэ.
•    ЖДҮ, хоршооны салбарт урт хугацаат хөрөнгө оруулалтын болон санхүү, зээлийн уян хатан бодлогыг хэрэгжүүлж, үйлдвэрлэл эрхлэгчдийн зах зээлийг өргөтгөх, борлуулалтыг нэмэгдүүлэхэд дэмжиж ажиллана.
•    Тогтвортой үйл ажиллагаа эрхэлж, байнгын ажлын байр шинээр бий болгосон жижиг, дунд бизнес эрхлэгчийг дэмжинэ.
•    Орчин үеийн дэвшилтэт технологи бүхий бага, дунд оврын жишиг загвар бүхий үйлдвэр байгуулахыг дэмжинэ.
•    ЖДҮ эрхлэгчдийг дэмжин, гадаад болон дотоодын зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ.

Нийслэлийн эдийн засгийн төлөвлөлтийн гол агуулга нь нийслэлд экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаль орчинд халгүй дэвшилтэт техник, орчин үеийн өндөр технологи бүхий үйлчилгээ, боловсруулах аж үйлдвэрийн салбар давамгайлсан, өндөр технологи нутагшуулах, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх  үйлдвэрлэлийг дэмжих эдийн засгийн механизмыг бүрдүүлэх явдал юм.
Улсын эдийн засгийн тэргүүлэх үр ашигтай, гадаад валют хуримтлуулах, нэмүү өртөг шингэсэн, боловсруулах үйлдвэрүүдийг дэмжин хөгжүүлэх  шаардлагатай байна. 


                                                                                                    --- x X x ---