Гарын авлага

Инноваци- гэж шинэ мэдлэгийг баялаг болгон хувиргах цогц үйл явцыг;
Шинэ мэдлэг -гэж шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны үр дүнд бий болсон эдийн засаг, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор ашиглаж болохуйц, эрхийн хамгаалалт хийгдсэн оюуны бүтээлийг;
Инновацийн үйл ажиллагаа- гэж шинэ санаа, шинэ мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн, технологи, ажил, үйлчилгээг бий болгож зах зээлд нийлүүлэхэд чиглэсэн арга хэмжээг;
Инновацийн бүтээгдэхүүн - гэж энэ хуулиар тогтоосон шаардлага, нөхцөлийг хангасан, зах зээл дээрх ижил төстэй бүтээгдэхүүн, үйлчилгээнээс техник, эдийн засгийн үзүүлэлт, шинжлэх ухааны багтаамж, нэмүү өртөг бий болгох болон өрсөлдөх чадвараар илүү инновацийн үйл ажиллагааны үр дүнг;
Үндэсний инновацийн тогтолцоо- гэж инновацийн үйл ажиллагаанд оролцогч өмчийн бүх хэлбэрийн байгууллага, тэдгээрийн харилцааны хэм хэмжээний цогцыг;
Инновацийн төсөл- гэж санхүүжилтийн шаардлага, зохион байгуулалтын нөхцөлд нийцүүлэн инновацийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, зах зээлд нийлүүлэх цогц үйл ажиллагааг тодорхой цаг хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн баримт бичгийг;
Инновацийн грант- гэж иргэн, хуулийн этгээд, гадаадын болон олон улсын байгууллага урьдчилан нөхцөл, болзол тавьсны үндсэн дээр инновацийн тодорхой төсөлд буцалтгүй олгож байгаа мөнгөн болон бусад хөрөнгийг;
Гарааны компани- гэж инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор үүсгэн байгуулагдсан, зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ нийлүүлж эхлээгүй байгаа компанийг;
Технологийн туршилт, зүгшрүүлэлт- гэж лабораторийн түвшинд боловсруулсан технологи, бүтээгдэхүүний загварыг үйлдвэрлэлийн нөхцөлд турших, боловсронгуй болгох, технологийн баримтжуулалт хийх үйл ажиллагааг;
Роялти- гэж оюуны өмчийг лицензийн гэрээгээр ашиглан олсон ашгаас лиценз түрээслүүлэгчид ногдох хувь хэмжээг;
Хөрөнгө оруулалтын компани- гэж инновацийн үйл ажиллагааг санхүүжүүлэхэд чиглэгдсэн, энэ хуульд заасан үйл ажиллагаа эрхлэх зорилгоор Иргэний хуульд[8] заасны дагуу байгуулагдсан хуулийн этгээдийг;
Менежментийн гэрээ- гэж энэ хуулиар тогтоосон шаардлагад нийцүүлэн хөрөнгө оруулалтын компанийн активыг удирдах талаар уг хөрөнгө оруулалтын компанийн удирдлага менежментийн компанитай байгуулсан гэрээг;
Менежментийн компани- гэж хөрөнгө оруулалтын компанитай байгуулсан энэ хуулийн 3.1.12-т заасан гэрээний үндсэн дээр уг хөрөнгө оруулалтын компанийн активын удирдлагыг хэрэгжүүлж байгаа тусгай зөвшөөрөл бүхий компанийг;
Шинжлэх ухааны парк- /цаашид “парк” гэх/ гэж өндөр технологи, инновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор энэ хуулиар тогтоосон чиг үүргийг хэрэгжүүлэх тусгайлсан газар нутагтай, үйлдвэрлэл, үйлчилгээ, нийгмийн дэд бүтэц бүхий цогцолборыг;
Паркийн удирдлага- гэж паркийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, хэвийн үйл ажиллагаа явуулах орчин, нөхцөлөөр хангах чиг үүрэгтэй хуулийн этгээдийг;
Паркийн нэгж- гэж паркийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж, эрдэм шинжилгээний байгууллага болон сургууль, эмнэлэг, харилцаа холбоо, эрчим хүчний зэрэг нийтлэг үйлчилгээ үзүүлдэг байгууллагыг.
Старт-ап компани- гэж инновацийн үйл ажиллагааг дагнан эрхлэх зорилгоор байгуулагдсан, эрсдэлтэй хөрөнгө оруулалт шаардсан, үр ашиг, өрсөлдөх давуу тал, зорилтот зах зээлд гарах өргөн боломжтой, хөгжлийн гарааны шатандаа буй аж ахуйн нэгжийг.

Санхүүжилтийн гэрээ- гэж гэрээлэгч этгээд бүтэн, эсвэл хэсэгчилсэн санхүүжилт авч инновацийн тодорхой бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор байгуулсан гэрээ, контракт, хэлцлийг.

Гэрээ байгуулагч- гэж эрдэм шинжилгээ, эрдэм шинжилгээний ажлын үр дүнг инновацийн төслөөр дамжуулан үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэхээр саналаа гаргасан хуулийн этгээдийг.
Техник- Машин ,машин механизм ,ашигтай зүйлийг бий болгоход ашиглаж байгаа бусад тоног төхөөрөмжүүдийн багц
Технологи- Техникийн багц , арга барил , өөрөөр хэлбэл ашигтай эд зүйл болон хүмүүсийн хэрэгцээг хангахын тулд хэрэглэдэг бүтээгдэхүүн хийж бүтээх хүний үйл ажиллагааны багц юм .
Инновацийн дэд бүтэц - Инновацийн үйл ажиллагааг явуулахад хувь нэмэр оруулах болон инновацийн бүтээгдэхүүнийг бүтээж, борлуулахад үйлчилгээ үзүүлэх субъектуудын нэгдэл сүлжээ. Инновацийн дэд бүтцэд технологи дамжуулах төв, инноваци-технологийн төв, технопарк, бизнесийн инкубатор, инновацийн боловсон хүчин бэлгэхэд зориулагдсан сургалтын төв, үйлдвэрлэлтийн эрсдлийн сан зэрэг (venture fund) орно.
Индикатор (Илрүүлэгч заалтуур – Шалгуур үзүүлэлт – Хэмжигдэхүүн – Хэмжээс) гэж “стратеги төлөвлөлтийн арга зүйн үүднээс ерөнхий агуулгаар нь авч үзвэл, зорилго, зорилт, үр дүнг хэмжих хэрэгсэл буюу илрүүлэгч заалтуур” бөгөөд харин тодорхой тохиолдолд, жишээлбэл, тоон болон тоон биш ч гэлээ гүйцэтгэлээ хэмжигдэхүйц болгосон утгаар нь хэмжих гэвэл зорилго, зорилт, үр дүнгийн шалгуур үзүүлэлт, ямар нэгэн нэгж гүйцэтгэл утгаар нь хэмжих үед үр дүнг илэрхийлэх хэмжигдэхүүн, тоон биш агуулгатай зорилго, зорилт, үр дүнг ямар нэгжээр хэмжих гэвэл хэмжээс гэсэн утгаар хэрэглэсэн болно.