Инновацын тухай ойлголт

Инновацын тухай ойлголт

Инновац гэж  юу вэ? 
Инновац гэдэг үгийн гарал үүслийг авч үзвэл  “in nova” буюу шинээр сэдэх, санаачлах гэсэн утгатай латин үг юм. Одоо хэрэглэгдэж байгаа дээрх үгийн утга нэлээдгүй өргөн хүрээг хамарна.
19-р зууны дундуур ялангуяа Германы соёл судлаачдын бүтээлүүдэд “инновац” хэмээх ойлголт анх орж ирсэн. Анхандаа нэгээхэн соёлын зарим нэг элементийг нөгөө талын соёлд нэвтрүүлэх утга санааг  илэрхийлдэг байжээ. Голчлон тухайн үедээ Европ маягийн ахуй амьдрал, үйлдвэрлэлийг зохион байгуулах аргыг Ази, Африкийн нийгэмд нэвтрүүлэх тухай яригддаг байж. 20-р зууны эхээр австрийн эрдэмтэн Й.Шумпетер, Оросын эрдэмтэн Н.Кондратьев нар “эдийн засгийн хөгжилд шинэчлэл, өөрчлөлт оруулах замаар хямралыг даван туулах хэрэгсэл...” гэсэн утгаар ашигласан нь  үндсэн утгаа одоо хир нь алдаагүй л байгаа. Анхдагч судлаачид:
-       Шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх,
-       Үйлдвэрлэлийн шинэ арга замыг эзэмших,
-       Шинэ зах зээл нээх,
-       Шинэ түүхий эд гарган авах,
-    Үйлдвэрлэлийн салбаруудыг зохион байгуулах гэсэн төрлүүдээр ангилан авч үзжээ. Энэ ойлголт хожим шинжлэх ухаан, технологийн салбарт мөн үйлдвэрлэл, үйлчилгээний талбарт ч мөн ялгаагүй хэрэглэгдэх болсон билээ.
Ерөнхий ойлголт
Инновац нь ямар нэг шинэ, эсвэл мэдэгдэхүйц сайжруулсан бүтээгдэхүүн(бараа, үйлчилгээ),үйл явц маркетингийн болон зохион байгуулалтын шинэ аргыг бизнесийн практик, байгууллага,ажлын байрны зохион байгуулалт, гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа юм. 
Дээрх ерөнхий тодорхойлолт нь өргөн хүрээтэй ба боломжит бүхий л инновацыг хамарна. Инновацын нэг болон хэд хэдэн төрлийг, жишээлбэл, бүтээгдэхүүн болон үйл явцын инновац гэх мэтээр тусгаж, инновацын ангиллыг илүү нарийн гаргах боломжтой. Инновацид тавигдах наад талын шаардлага бол бүтээгдэхүүн,үйл явц, маркетингийн болон зохион байгуулалтын арга нь тухайн байгууллагын хувьд шинэ(эсвэл мэдэгдэхүйц сайжруулсан) байх явдал юм. Энэ нь тухайн аж ахуйн нэгжийн анхлан боловсруулсан, эсвэл бусдаас авч нэвтрүүлсэн бүтээгдэхүүн, үйл явц, аргыг  инновацын ангилалд хамааруулах үндэслэл болно. 
Инновацын үйл ажиллагаа-нд инновацыг хэрэгжүүлэх, эсвэл энэ зорилгод чиглэсэн шинжлэх ухаан, технологи, зохион байгуулалт, санхүү, арилжааны бүхий л үйл ажиллагаа, арга хэмжээ хамрагдана. Инновацын үйл ажиллагааны зарим хэлбэр өөрөө инновацын шинж агуулдаг бол нөгөө хэсэг нь ийм агуулга хэлбэртэй биш байх боловч түүнийг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай байдаг. Тодорхой инновацыг хөгжүүлэхтэй шууд холбоогүй Судалгаа ба Боловсруулалтыг ч мөн инновацын үйл ажиллагаанд хамруулна.
Инновацын ерөнхий шинж нь хэрэгжсэн байх явдал юм. Шинэ эсвэл сайжруулсан бүтээгдэхүүнийг зах зээлд гаргасан нөхцөлд хэрэгжсэнд тооцогдоно. Үйлдвэрлэлийн шинэ үйл явц, маркетинг, зохион байгуулалтын шинэ аргууд аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд бодитоор ашиглагдаж байгаа бол нэвтэрсэн гэж үзнэ. 
Инновацын үйл ажиллагаа нь шинж төлөвийн хувьд байгууллага аж ахуйн нэгжээс хамааран өөр хооронд ихээхэн ялгаатай байдаг. Зарим аж ахуйн нэгжүүд илэрхий харагдахуйц инновацын төслийг  хэрэгжүүлж, ямар нэг шинэ бүтээгдэхүүн хөгжүүлж, нэвтрүүлдэг бол, нөгөө хэсэг нь өөрийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн үйл явц, ажиллагааг шинэчлэн чиглэлээр голчлон ажилладаг. Эдгээр байгууллагуудын аль аль нь инновацын аж ахуйн нэгж гэж тооцогддог, учир нь инновац нь нэг удаагийн томоохон өөрчлөлт байж болохоос гадна бага багаар тасралтгүй хийгдсэн сайжруулалтууд эцсийн дүндээ томоохон өөрчлөлтөд хүргэдэг тул мөн инновацид тооцогдоно.
Инновацич компани гэдэг нь хяналтын хугацаанд инновац хэрэгжүүлсэн компанийг хэлнэ. 
Бүтээгдэхүүний инновац гэдэг нь шинж чанар, хэрэглээ зориулалтын утгаараа шинэ эсвэл мэдэгдэхүйц сайжирсан бараа бүтээгдэхүүн, эсвэл үйлчилгээ нэвтрүүлэхийг хэлнэ. Үүнд, техникийн тодорхойлолт, эд анги ба материал, агуулж буй программ хангамж, хэрэглээний хялбар байдал эсвэл үйл ажиллагааны бусад чанаруудад гарсан мэдэгдэхүйц сайжралтыг ойлгоно. Бүтээгдэхүүний инновац хэрэгжүүлэхэд шинэ мэдлэг эсхүл технологи, эсвэл шинэ хэрэглээнд, эсвэл одоо ашиглагдаж буй мэдлэг, технологийн хослолд тулгуурласан байж болно. Бүтээгдэхүүн гэх нэр томьёонд бараа, үйлчилгээ нэвтрүүлэх, одоо гаргаж буй бараа, үйлчилгээнийхээ ажиллагааны эсвэл хэрэглээний чанарт мэдэгдэхүйц сайжруулалт хийсэн аль аль нь багтана. Шинэ бүтээгдэхүүн гэдэг нь тухайн компани өмнө нь үйлдвэрлэж байсан бүтээгдэхүүнээс шинж чанар, хэрэглээний зориулалт нь илт өөрчлөгдсөн бараа үйлчилгээг хэлнэ. Анх үйлдвэрлэж байсан микро процессорууд, дижитал зургийн аппаратууд нь шинэ технологи ашиглан үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний жишээ юм. Анхны зөөврийн МР3 тоглуулагч нь тухайн үед ашиглаж байсан програм хангамжийн стандартыг хатуу дискний жижгэрүүлэх технологитой хослуулан үйлдвэрлэсэн нь ашиглагдаж байгаа технологийг хослуулан гаргаж авсан шинэ бүтээгдэхүүн болж байлаа. Бүтээгдэхүүний инновац боловсруулах, хэрэгжүүлэхэд загвар дизайн чухал байр суурь эзэлдэг. 
Үйл явцын инновац гэдэг нь шинэ эсвэл мэдэгдэхүйц сайжруулсан үйлдвэрлэл, ханган нийлүүлэх арга ажиллагаа хэрэгжүүлснийг хэлнэ. Үүнд, арга техник, тоног төхөөрөмж эсвэл програм хангамж багтана. Үйл явцын инновац нь үйлдвэрлэл эсвэл ханган нийлүүлэлтийн нэгжийн зардлыг бууруулах, чанарыг сайжруулах, шинэ эсвэл илт сайжруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ханган нийлүүлэх зорилготой. Үйлдвэрлэлийн арга нь бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах арга техник, тоног төхөөрөмж, програм хангамж байна. Үйлдвэрлэлийн шинэ аргын жишээ нь үйлдвэрлэлийн шугамандаа шинэ автоматжуулсан систем нэвтрүүлэх, бүтээгдэхүүн боловсруулалтыг компьютерийн туслалцаатай хийх зэрэг аргууд орно. Бараа бүтээгдэхүүнд зураасан код нэвтрүүлсэн эсвэл радио долгионы давтамжаар барааны байрлал тогтоох систем нэвтрүүлэх зэрэг нь ханган нийлүүлэлтийн шинэ арга юм. Мөн тээврийн хэрэгслийн байршил тогтоох систем, аялал жуулчлалын компанийн захиалгын шинэ сүлжээ, зөвлөх үйлчилгээний компани төслийн менежментийн шинэ арга техник боловсруулах гэх мэт.
Маркетингийн инновац гэдэг нь маркетингийн шинэ арга ажиллагаа хэрэгжүүлэхийг хэлэх бөгөөд үүнд бүтээгдэхүүний загвар эсвэл сав баглаа боодол, бүтээгдэхүүний байрлуулалт, сурталчилгаа, үнэд оруулсан мэдэгдэхүйц өөрчлөлтийг ойлгоно.
Бүтэц зохион байгуулалтын инновац гэдэг нь компанийн бизнесийн үйл ажиллагаа, ажлын байрны зохион байгуулалт, эсвэл гадаад харилцаанд авч хэрэгжүүлсэн бүтэц, зохион байгуулалтын шинэ арга хэмжээг хэлнэ. Захиргааны зардал эсвэл худалдах, худалдан авах зардлыг багасгах, ажлын байрны хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, үл арилжаалагдах хөрөнгөтэй болно, ханган нийлүүлэлтийн зардлыг бууруулах зэргээр компанийн гүйцэтгэлийг нэмэгдүүлэх зорилготой байдаг.
Хөгжиж буй орнуудын компаниуд болон аж үйлдвэрийн салбарыг ангилахад инновацийн чадавх чухал үүрэгтэй. Компани чадавхтай байх нь зах зээлийн боломжийг бүрэн дүүрэн ашиглах бололцоог бүрдүүлдэг. Инновацын утгаараа хамгийн чухал чадавх нь компанийн хуримтлуулсан мэдлэг бөгөөд энэ нь голчлон хүний нөөцөд шингэсэн байдаг. Инновацын чадавх, түүнчлэн технологийн чадавх нь суралцах үйл явцын үр дүн бөгөөд ухамсар, зорилготой, өртөг зардалтай, цаг хугацаа шаардсан, шугаман бус, сонгосон арга замаас хараат, хуримтлагдах шинж чанартай байна. Харилцан нөлөөтэй, технологид түшиглэсэн, соёлын нөлөөгөөр хувьсамтгай байдаг учраас хөгжлийн олон зам байдаг. Ялангуяа, инновац, энтрепренер тогтмол биш, онцлог шинж чанаруудтай байдаг учраас хөгжиж буй орнуудад хөгжлийн зам сонгох илүү боломж бий.
Хөгжингүй орнуудын хувьд асар их хэмжээний хөрөнгө мөнгийг инновацид зарцуулж тэндээсээ ашиг олж байна. Зарим жишээнээс дурдвал: Америкийн баруун эрэгт байрлах Silicon Valey технологийн төвөөс нэлээд тооны инновац гардаг. Энэ газарт мэдээллийн технологиор үйл ажиллагаагаа явуулдаг компаниудын суурьшлын бүс юм. Энэ ч утгаараа томоохон компаниуд бие, биенээсээ өрсөж зах, зээлд ашиг олохын тулд шинэ технологи зохион бүтээлгэх гэж 5000 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллуулдаг ажээ. Энэ тоо бол зөвхөн нэг компанид ажилладаг инновацын багт ажилладаг хүмүүсийн л тоо юм. 
Инновацын индексээр Солонгос улс дэлхийд тэргүүлдэг ажээ.

Эх сурвалж: Wikipedia; Ослогийн гарын авлага;